Шенгений гишүүн орнууд нь виз мэдүүлэгчдийн биомертийн мэдээллийг, өөрөөр хэлбэл цээж зураг болон арван хурууны хээг дижитал хэлбэрээр хураан авч бүртгэдэг. Виз мэдүүлэгчдийн мэдээллийг Визийн мэдээллийн системд (англи товчлол: VIS) хадгалдаг.

 

Шенгений бүсийн орнуудыг хамарсан Визийн мэдээллийн систем нь 2011 оны 10-р сарын 11-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Уг системийг 2015 оны 11-р сард Монгол Улсад нэвтрүүлсэн байна.

 

ВМС-ийн гол зорилго нь богино хугацааны визэд хамаарах мэдээллүүдийг гишүүн орнууд өөр хоорондоо солилцож хамтарсан визийн бодлогыг хэрэгжүүлэх, консулын хамтын ажиллагаа болон визтэй холбоотой эрх бүхий төв байгууллагууд хоорондын зөвшилцлийг сайжруулахад оршино.

 

ВМС нь орчин үеийн технологийн тусламжтайгаар хурууны хээ, цээж зургийг хадгалж, улмаар хурууны хээг электрон хэлбэрээр хооронд нь харьцуулах чадвартай. Практикт аливаа дипломат төлөөлөгчийн газар нь — виз мэдүүлэхэд шаардлагатай мэдээллүүдийн хамтаар — виз мэдүүлэгчийн хурууны хээ болон цээж зургийг авч, Страсбург хотод хуримтлагдах төв мэдээллийн санд илгээдэг. Хурууны хээг авах үйл явц нь энгийн, хурдан, нууцлал бүхий. Виз мэдүүлэгч нь ердөө дижитал уншигч гадаргуу дээр хуруунуудаа тавихад хангалттай. Биометрийн мэдээллүүд нь 59 сарын турш системд хадгалагддаг тул 5 жилийн дотор дахин виз мэдүүлэх явцад хурууны хээг өгөх шаардлагагүй. Гадаад орны хилийн боомтоор нэвтрэх үеэр холбогдох орны эрх бүхий байгууллага нь ВМС-д буй мэдээллийг шалган визийн үнэн бодит эсэхийг тодорхойлох, цаашлан тухайн виз эзэмшигч этгээдийг тодруулна. Ингэхдээ газар дээр нь авсан хурууны хээг ВМС-д хадгалагдсан хурууны хээтэй тулгаж үзэж болно.

 

Шинэ систем нь виз мэдүүлгийн явцад ийнхүү хүнийг таних, визтэй холбоотой зөрчлийн эсрэг тэмцэх болон гадаадын хилээр нэвтрэх, гишүүн орны нутаг дэвсгэрийн хилийн боомтын хяналт шалгалтуудын үйл явцыг хөнгөвчилдөг юм. ВМС нь орогнолын талаарх болон түүнтэй холбоотой үйл явц, аливаа гишүүн орны дотоодын аюулгүй байдлыг хөндсөн аюул замналыг урьдчилан сэргийлж, үүгээрээ Унгарын болон бусад холбооны гишүүн орнуудын аюулгүй байдлыг дорвитойгоор хамгаалж чаддаг.